ЭРХЭМ ЗОРИЛГО : Мэргэжлийн уран бүтээл туурвиж ард түмнийг соён гэгээрүүлэх, оюуны хөтөч нь байх
Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ.
- 1921
1921 оны 11-р сарын 12-ны өдрийн Засгийн газрын эрхлэх товчооны 50 дугаар тогтоол - 1963
МУ-ын Ардын хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн “Улсын дуурь-бүжгийн ба драмын театр байгуулах тухай” 1963 оны 5-р сарын 10-ны өдрийн 132/182 тогтоол - 1964
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 3-р сарын 25-ны 142 тоот тогтоол - 1981
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн “Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театрт Академик театр цол олгох тухай” 1981 оны 2-р сарын 4-ний өдрийн 387 дугаар зарлиг - 1994
МУ-ын Засгийн 1994 оны 5-р сарын 25-ны өдрийн “Мэргэжлийн урлагийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 98 дугаар тогтоол - 2002
МУ-ын Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Урлагийн зарим байгууллагын нэр өөрчлөх тухай” 166 дугаар тогтоол
Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсаны үр дүнд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Ийнхүү Монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлын түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн хаана ч, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна.
Монгол улсад шинэ амьдрал, шинэ эрин үеийг бүтээн байгуулах их үйлс, улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах их тэмцэлд, ардчилал, тэгш эрх, чөлөөт амьдралыг цогцлоон байгуулах бүхий л үеийн турш тус театр нь нийгмийн амьдралын илэрхийлэл болж тэмцэл, бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд явж ирсэн.
Тус театрын урын санд түүх хувьсгалын болон орчин үеийн гэх мэтчилэн төрөл бүрийн үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд хүндтэй байрыг эзэлж байдаг бөгөөд үндэсний болон гадаадын зохиолчдын уран бүтээл олон урсгал, арга барил, хэлбэр төрх, өнгө будгийг илэрхийлэн тоглогдож байдаг юм.
Тус театрын уран бүтээлчдийн санаачлага, тэдний идэвхи оролцоотойгоор монгол улсын олон аймаг хотуудад мэргэжлийн театр үүсэн бий болж өнөөг хүртэл үзэгч түмэндээ үйлчилж байдаг бөгөөд сонгодог хөгжим, дуу бүжиг, ардын болон орчин үеийн дуу бүжгийн урлагийг мэргэжлийн түвшинд хүртэл нь өсгөн бойжуулж хүүхэд залуучуудад зориулагдсан урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулж тусгай бие даасан мэргэжлийн урлагийн байгууллага болтол нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэж оролцож байсан түүхтэй. Үүний бодит баримт Дорнод, Ховд, Баян-Өлгийн театрууд, Улсын цирк, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, УДБЭТеатр зэрэг болно.
Драмын театрын гадаад харилцаа хэр өргөн хүрээтэй болохыг түүний урын сангаас, гадаадад аялан тоглосон тоглолтуудаас монголын тайзнаа ажиллаж байсан гадаадын уран бүтээлчдийн үйл ажиллагаанаас тодорхой харж болох юм.
Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчилан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвот, Герман улсын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Л.Толстой Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Б.Цогнэмэх зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.
Драмын театрын барилгын түүх
1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 600 хүний суудалтай жүжгийн их танхим, 250 хүний суудалтай жүжгийн бага танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэсэн түүхтэй.